Night-Elie Wiesel
Еврейчүүдийн тухай дахиад нэг бичье. Өмнө нь “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” болон “Outliers” номын тэмдэглэлүүд дээр тус тус бичиж байжээ.
Еврейчүүд бол асар их зовлон, уй гашуу дундаас өндийсөн ард түмэн. Тэднийг дэлхийн хөрснөөс 3 удаа арчих гээд бүтээгүй. Үүний хамгийн сүүлчийн оролдлого бол Дэлхийн 2-р дайны үед 1941–1945 онд явагдсан холокост (Holocaust) буюу хэлмэгдүүлэлт. Гол хохирогчид: Еврейчүүд, Цыганууд, ижил хүйстнүүд, Нацист Германыг эсэргүүцэгчид байв. Энэ үеэр нацист арми еврейчүүд болон эсэргүүцэгчдийг өчиггүй устгаж байлаа.
За тэгэхээр юун түрүүнд еврейчүүдийг хоморголон устгасан холокост яагаад болох болсон тухай ярилцъя.
1921 онд Адольф Гитлер Нацист намын дарга болж, төд удалгүй Нацист нам төрийн эрхийг барьснаар Гитлер Герман улсыг удирдах болсон байна. Нацистуудын тухайд гэвэл хэт үндэстэн төвт үзэлтэй байсан ба Еврей, Румын, Словак зэрэг үндэстнүүдийг илт ялгаварлан гадуурхдаг байлаа. Төрийн эрхийг барьж буй Нацистууд удаа дараа гаргасан хууль журмууддаа өөрсдийн үзэл суртлыг шингээн Еврей үндэстнүүдийг шахаж эхэлсэн байна. Хуулийн дагуу еврей хүүхдүүд сургуульд явах боломжгүй болж, тэр ч бүү хэл унадаг дугуй унахыг нь хүртэл хориглосон гэдэг.
Нөгөөтээгүүр Адольф Гитлерийн субъектив үзэл холокост гарах маш том шалтгаан болсон байна. Түүнд еврейчүүдийг тонилгох хэд хэдэн үндэслэл байсан.
1. Гитлер Герман хүн бол бүхний дээд гэж үздэг байлаа. Үүнээс болж бусад үндэстнүүдийг маш хүчтэй ялгаварлан гадуурхдаг байв.
2. Түүний өвөөг еврей эр байсан, цаашилбал түүний аав нь бутач хүү байсан гэх ярианаас үүдэн тэрээр еврей үндэстнүүдийг аль болох өөрөөсөө зайлуулахыг хүсдэг байлаа.
3. Түүхийн үүднээс харахад еврейчүүд мөн л хавчигдаж, аян дайны гол бай болж ирсэн. Гол шалтгаан нь шашны үзэл. Энэ нь ч мөн адил Гитлерт нөлөөлсөн биз ээ.
4. Дэлхийн 1-р дайны Германы армийн ялагдалд Еврейчүүдийг буруутгаж байв. (Уг нь 10.000 орчим еврей дайнд оролцож, зарим нь гавьяа байгуулан цол тэмдэг авч байсан!)
5. Mein Kampf-д Гитлер бага наснаасаа еврейчүүдийн шахалт дунд өсөж, өс хонзон нь буцалж байсан тухай өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл еврейчүүдийг нэг л өдөр үгүй хийнэ гэсэн бодол түүний толгойд аль эрт байсан гэсэн үг юм.
Санамж: Дээрх 5 бол ердөө л нэг хэсэг нь-таамаг. Яагаад яг Еврейчүүдийг хоморголон устгах болсон талаарх хөдөлшгүй баримт байхгүй.
За тэгэхээр эхлэл хэсэг нэг иймэрхүү. Та бүхэн хэлмэгдүүлэлтийн шалтгаан байж болох зарим таамаглалуудыг уншлаа. Одоо үндсэн хэсэг буюу Эли Визелийн бичсэн “Шөнө” хэмээх номын тухай хөөрөлдье.
Тэрээр номоо өөрийн бодит амьдралаас сэдэвлэн 1956 онд бичсэн бөгөөд уг ном өдгөө 30 хэл рүү орчуулагдаж, нийт 10 сая хувь борлогдсон байна. Воааав. Холокостоос амьд үлдсэн гэдэг утгаараа ч тэр үү, өөрийн бодит түүхээ бичин олонд түгээсэн болоод ч тэр үү, энэ ном маш олон хүнээс өндөр үнэлгээ авчээ.
Номын тухайд гэвэл Элизер гэх нэгэн хүү гэр бүлээсээ хэрхэн хагацаж, аавтайгаа хамт ямар их зовлон туулж, эцэс сүүлд нь яаж ганцаараа амьд үлдсэн тухай өгүүлэх болно. Хараахан уншиж амжаагүй байгаа уншигчдадаа зориулан номны үйл явдлын тухай дэлгэрэнгүй бичихгүй байхаар шийдлээ. Харин номоос төрсөн сэтгэгдэл болон онцлох хэсгүүдийг хуваалцъя.
ХҮН. Хэрвээ хүнийг ааш зангийнх нь хувьд ямар нэгэн амьтнаар зүйрлэ гэвэл та ямар амьтныг сонгох байсан бэ? Уг номыг уншиж байх үедээ та яавч энхийн цагаан тагтаа эсвэл гоёмсог хунг төсөөлж чадахгүй л болов уу. Ачааны машин дээр шахалдан ачигдсан (гөхийлдөн) еврейчүүд хэн нэгэн нь нас барах үед түүнийг доороо оруулан дээр нь гишгэснээр багахан ч болтугай зай гардаг байв. Тэр ч бүү хэл өлсөж, цангасан тэднээр доог тохуу хийх мэт хотын иргэд талхны үйрмэг шидэж хооронд нь зодолдуулан бах таваа ханадаг байлаа. Энэ тухай та дан ганц “Шөнө” номоос ч биш өөр олон эх сурвалжаас олж унших болно. Ганц талхны булангийн төлөө төрсөн эцгээ зодож, үхэл амьдралын төлөө хэрхэн тэмцэж байсныг нь төсөөлөх бүрд зүрх эмтэрмээр, аймшигтай. Шатаах зуух руу эгнэн зогсох тэдний харц хоосныг өгүүлэх мэт гөлийсөн байх бөгөөд тэр бүх зовлон шаналлаас ангижрахын хүслэн болсон уу гэмээр зугуухан урагш алхана. Япончууд 10 сая Хятадыг яргалж байх энэ үед Германчууд 6 сая еврейн амь насаар зүгээр л наадсан гэхэд болно. Тухайн үеийн нацистуудад этик байсан болов уу? Өргөн утгаар нь харвал, өнөөгийн нийгэм тэднээс ялгаатай юу? Сирид хэдэн зуугаар нь үгүй хийж, шударга бус үйлийн золиос болсон маш олон хүмүүс бидний оршин буй ертөнцөд мөнх бусыг үзүүлж, Африкт сая сая хүмүүс өлсгөлөн гэх түймэрт нэрвэгдэж байна... Та бусдын төлөө маш олон сайн зүйлийг хийж чадна.
Тэгвэл миний асуулт: Та бусдын сайхан амьдралын эсрэг юу хийж чадах вэ??? Нэг зүйлийг санаад авчих, та далавчтай хэн нэгний дүрд тоглож болно. Эсвэл эвэртэй нэгэн ч байж болно. Сонголт таных.
А. Гомбо-Очир
2020.07.03
Ашигласан эх сурвалж:
https://www.holocaustmatters.org/why-did-hitler-not-like-the-jews/
https://www.bbc.co.uk/newsround/16691969
www.ipl.org
https://www.annefrank.org/en/anne-frank/go-in-depth/why-did-hitler-hate-jews/